ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭД, ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

       Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг “Хурдан, тэгш, нээлттэй” хүргэх зорилгоор иргэн, байгууллага, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдол, албан бичгийг зөвхөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр хүлээн авч, хариу өгч ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад  Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгож,  475,476,477 дугаартай захирамж гаргалаа.   

Үүнтэй холбоотой, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон уг байгууллагын албан тушаалтанд хандсан албан бичгийг илгээхдээ өөрт ойр байгаа шуудангийн салбараас Дүнжингарав салбар дахь “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт гэж хаяглахыг анхаарна уу.

       Ийнхүү илгээсэн албан бичгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан цахим системд бүртгэж холбогдох байгууллагад илгээх бөгөөд хариу шийдвэрлэлтэд хяналт тавих зэргээр зохион байгуулалтыг хийж байна. Цаашид аж ахуйн нэгж, байгууллага тоон гарын үсэг бүхий албан бичгийг www.ub1200.mn цахим хуудаст домайн нэрээр нэвтрэн цахим хэлбэрээр илгээх боломжтой болох юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжтай танилцана уу.

 

2016 оны 06 сарын 10-ны өдөр                                                                      Дугаар А/475                                                               Улаанбаатар хот
 
 
 
 
  Баримт бичгийн урсгалыг нэгдсэн зохион
 байгуулалтад шилжүүлэх тухай
 
  
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1,  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
        1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг “Хурдан, тэгш, нээлттэй” хүргэх зорилгоор иргэн, байгууллага, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдол, албан бичгийг зөвхөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр хүлээн авч, хариу өгч ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.
 
           2. Төрийн байгууллагуудын хоорондын үйл ажиллагаатай холбоотой албан бичгийг ангилж, төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хүлээн авч нэгдсэн бүртгэлд төвлөрүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

         3. Баримт бичгийн урсгалыг нэгдсэн зохион байгуулалтад шилжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс /Ү.Ганболд/, тоон гарын үсэг, цахим баримт бичгийн солилцоог нэвтрүүлэх асуудлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжүүлэхийг нийслэлийн Архивын газар /С.Гаваа/, нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т тус тус үүрэг болгосугай.
 
           4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 

           
 
                                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ
 
2016 оны 06 сарын 10-ны өдөр                                                                      Дугаар А/476                                                             Улаанбаатар хот
 
 
“Нийслэлийн нутгийн захиргааны
байгууллагуудад цахим баримт бичиг
солилцох, тоон гарын үсэг хэрэглэх журам”
 батлах тухай
 
  
           Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1, 15 дугаар зүйлийн 15.1.12, Цахим гарын үсгийн тухай хуулийн З дугаар зүйлийн 3.1, 3.3, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 151 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Албан хэрэг хөтлөлтийн явцад үүсч хөтлөгдсөн цахим баримт бичгийн урсгал, хяналтыг зохицуулах “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад цахим баримт бичиг солилцох, тоон гарын үсэг хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
 
            2. Энэхүү журмыг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа газар, орон нутгийн өмчит, төсөвт байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.
 
            3. Нийслэлийн хэмжээнд цахим албан хэрэг хөтлөлтийн ажлыг нэг мөр хэрэглэх асуудлаар санал санаачлага гаргаж, нэгдсэн аргазүй, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Архивын газар /С.Гаваа/-т, тоон гарын үсгийн хэрэглээ,  цахим баримтын солилцоог бүрэн нэвтрүүлэхэд шаардагдах бүхий л арга хэмжээг авч, холбогдон гарах зардлыг гаргаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т тус тус үүрэг болгосугай.
          
           
 
 
                                                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ
 
2016 оны 06 сарын 10-ны өдөр                                                                       Дугаар А/477                                                         Улаанбаатар хот
 
 
 
Журам батлах тухай
 
 
            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “г”, 29.2 дахь хэсэг,  Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1, 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан албан бичгийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, шийдвэрлүүлэх, үнэлэх, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах, хурдан, тэгш, нээлттэй зарчмаар ажиллах зорилгоор хэрэгжүүлэх “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

            2. Холбогдох журам, програм хангамжийн хэрэглээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт албан хаагчдад сурталчлан таниулах, мөрдүүлэх, нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /О.Мөнх-Оргил/-д үүрэг болгосугай.

          3. Энэхүү журам  гарсантай холбогдуулан www.Smartcity.mn програмд нэмэлт өөрчлөлт оруулах, хөгжүүлэх, мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад шаардлагатай төсвийг жил бүрийн төсөвт тусгуулж ажиллахыг Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс /Ү.Ганболд/-т үүрэг болгосугай.

              4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 
 
                                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ
 

Түгээх