"Авто замын хашлага, хайс солиход нийслэлээс 8.5 тэрбумыг зарцуулж байна" гэх ташаа мэдээллийг залруулж байна

Монгол HD TV-ийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны  “Өнөө өглөө “хөтөлбөр,  MN25 TV-ийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний “25 цаг мэдээллийн” хөтөлбөрөөр авто замын хашлага, хайс солиход нийслэлээс 8.5 тэрбум төгрөг зарцуулж, мөнгө угааж байна гэсэн утга бүхий мэдээллүүд цацагдсан. Ашиглалтад ороод 2 жил болж буй авто  замын хашлага хайсыг сольж үргүй зардал гаргаж байна хэмээн шүүмжилсэн  дээрх мэдээлэл ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс Нийслэлийн Автозамын газраас дараах залруулгыг хийсэн байна.

2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт зохион байгуулахтай холбогдуулж энэ онд нийслэлд авто зам барилгын ажлыг харьцангуй эрт эхлүүлсэн. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хотын өнгө үзэмжийг нэмэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах,  зочид, төлөөлөгчид, иргэдийн  аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс баригдаж ашиглалтад орсноос хойш нормт хугацаандаа дунд болон их засварын ажил хийгдээгүй, 8-40 жил ашиглаж байгаа Гандийн гудамжны 1.6 км авто замын шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто замын шинэчлэлт, Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн  ажлыг эхлүүлээд байгаа юм.

Мөн Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих, Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих зэрэг нийт 6 зам, замын  байгууламжийн ажилд нийт 8,5 тэрбум төгрөг төсөвлөсөн болно. Гэтэл MN25, HD Монгол TV-ийн мэдээлэлд 8,5 тэрбум төгрөгийг зөвхөн хашлага, хайс солиход зарцуулах мэтээр ташаа мэдээллийг олонд хүргэсэн нь үнэнээс хол зөрж байна.

Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын өмнө хийгдэх авто замын барилгын  ажлын төлөвлөлт, хэрэгжилтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн Авто замын газраас удаа дараа мэдээлэл өгсөөр  байгаа тул олон нийтэд үнэн, бодитой мэдээллийг хүргэх тал дээр хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна. 

Түгээх