2016 онд Нийслэлд 319 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр байна

Ирэх онд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод 319 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр байна. Одоогоор 847 тэрбум төгрөгийн 530 төслийг хэрэгжүүлэх санал ирээд байгаа ба Нийслэлийн төсвийн төслийг энэ долоо хоногт батлах хүлээлттэй байгаа юм. Ингэснээр ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд тодорхой болно. Ирэх 2016 онд хийгдэх нь тодорхой зарим нэг ажлаас дурдвал 2700 хүүхдийн багтаамжтай 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хүүхдийн хоёр эмнэлэг, цагдаагийн хэлтсийн нэг барилга, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга нэг, Төрийн үйлчилгээний салбар төвийг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Дэд бүтцийн ажлуудаас харвал 0.9 км дулааны шугам, 2500 гэрэлтүүлгийн ажил, 8.1 км авто замын шинээр барих бол 5.4 км авто замд өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээр байгаа. Харин орон сууцны хороололд 23 км авто замын ажил гүйцэтгэхээр байгаа юм. Мөн Ирэх онд Нийслэл 132 айлын түрээсийн гурван орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэйгээр хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажилд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Засгийн газраас нийт 320 сая ам.долларын санхүүжилт гаргахаар болоод байгаа юм.

Түгээх