Улсын комисс архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын зохион байгуулалтыг 98,8 буюу “Маш сайн” гэж дүгнэлээ

10 дугаар сарын 22-26 өдрүүдэд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт улсын комисс ажиллаж ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийг 98,8 буюу “Маш сайн” гэж үнэллээ.

Энэ оны улсын үзлэг нь Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 124 дүгээр захирамжийн дагуу дөрвөн гол үзүүлэлтийг авч үзсэн бөгөөд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын төрийн ажлын зохион байгуулалтыг 100, архивын ажлыг 86, албан хэрэг хөтлөлтийг 93, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг 100 оноогоор дүгнэлээ. Улсын комиссыг Архивын ерөнхий газрын дарга И.Саруул ахлаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээч Н.Нарантуяа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтэн Д.Энхсаруул, Үндэсний төв архивын зааварлагч, арга зүйч Д.Дашдолзод нарын бүрэлдэхүүнтэй ажиллав.

Үзлэгийн дүн танилцуулах хурлын үеэр Архивын ерөнхий газрын дарга И.Саруул баяр хүргээд “Танай байгууллагад “Маш сайн” гэсэн дүн тавьсан. Комисст олон жилийн туршлагатай байцаагч нар ажилласан. Шинэ, залуу байгууллага боловч удирдлага зохион байгуулалт сайтай байна гэж бид үзлээ. Цаашид энэ үзүүлэлтээ хамгаалж, төрийн байгууллагын стандартыг улам гүнзгийрүүлэн бусад байгууллагад жишиг болж явахыг хүсье” гэв.

 

Түгээх